BeInspired урам зориг өгөх түүхээс #6
Намайг У.Номин гэдэг. ЮУ ПИ АР Консалтинг ХХК Гүйцэтгэх захирал, Red Hat Academy-ийн багш. Би Компьютерын сүлжээний инженер мэргэжилтэй, Системийн администратор, Систем архитектураар илүү мэргэшин ажилласан инженер хүн. Мэдээллийн технологийн салбарын талаар олон нийт багагүй мэдээлэлтэй болж, ач холбогдлыг нь анзаарч эхэлжээ. Гэхдээ энэхүү салбарт албан ёсоор ажлын байрны тодорхойлолт, ур чадвар, мэдлэгийн түвшин нь стандартчлагдсан 52 өөр төрлийн ажлын байр байдгаас Систем инженерийн талаар бага ч гэсэн ойлголт өгөх зорилготой өөрийн түүхээ хуваалцахаар шийдлээ.
2008 онд МУИС Компьютерын сүлжээний инженерээр төгсөж, сүлжээ системийн инженерээс ажлын гараагаа эхлэв. Англи хэл тааруу, ажлын туршлага бага байсан болоод ч тэр үү, эхний жилүүдэд надад мэдэхгүй, чадахгүй зүйл олон гардаг байсан. Миний үеийн инженерүүдэд үлгэр дуурайлал авах хүн цөөн, мэдээлэл хомс, шууд асууж тодруулах гэхээр цаг зарцуулаад тайлбарлаад өгөх хүн байгаагүй учир алдаж онон, нэгд нэггүй уншиж судлан байж өөрийн болгодог байжээ.
Системийн инженер хүн өдөр тутамдаа ажлын байран дээрээ шинэ технологи судлах, одоо ашиглагдаж байгаа серверийн найдвартай ажиллагаа, аюулгүй байдлыг хангах, асуудал гарвал шийдвэрлэх гээд үргэлж асуудалтай нүүр тулж, ажлын цагийн 70 орчин хувийг командын орчинд өнгөрүүлдэг. Систем нэвтрүүлэх үе шат богинохон олгогддог тул төсөл бүрд өөр өөр технологи, шийдлийг хурдтай суралцах шаардлага үүснэ, мөн үндсэн суурь чадварууд гэж бий.
Миний хувьд 2 жил тутамд зорилтот сургалтын төлөвлөгөө боловсруулан өөрийгөө сайжруулж, технологийн хөгжилтэй хөл нийлүүлэн ажиллаж амьдрахаар хичээж ирсэн. Аль ч байгууллагад очиход серверийн 90 гаран хувь нь Линукс үйлдлийн систем байдаг, Системийн администраторуудын ажлынхаа 60 орчим хувийг Линукс серверийн орчинд ажиллаж өнгөрүүлдэг зэрэг шалтгааны улмаас 2013 онд нэлээдгүй судалсны үндсэн дээр Линукс администраторын ур чадварыг зайлшгүй эзэмшвэл зохион ёстой гэж үзэн Red Hat Certified System Administrator, Red Hat Certified Engineer сургалтад хамрагдахаар Энэтхэг улсын зорьсон. Мэдээж зорьж суралцсан сургалт учраас 21 хоног тасралтгүй хичээллэж, багшийн өгсөн үүрэг даалгаврыг 3 удаа ягштал давтаж өдөрт 3-4 цагийн нойртой хичээнгүйлэн суралцсан. Ингээд Монгол буцахын өмнөх өдөр нэг нь л гэхэд 3 цаг үргэлжлэх 2 шалгалтыг хоорондоо 30 минутын хугацаатай өгч Red Hat Certified System administrator, Red Hat Certified Engineer сертификаттай дөрөв дэхь Монгол инженер болсон. Энэ сертификат бол Линукс, нээлтэй эхийн шийдэл боловсруулж хэрэгжүүлэх ур чадвар, мэдлэгтэй олон улсын түвшний мэргэжилтэн болсоныг баталгаажуулж байгаа юм. Тухайн үед шалгалтад тэнцсэн гэсэн хариу ирсэн ч баярлах гэхээс илүүтэй ядраад унтаад явсанаа л сайн санаж байна.
Эргээд бодоход нээлттэй эхийн технологийн мэдлэг маань вэб серверүүд, ярианы систем, өгөгдлийн сан, ухаалаг фарм, имэйл сервер, олон улсын стандарт нэвтрүүлэх, өгөгдлийн хамгаалалт, Dataware house, Single sign on, SMS сервер, ERP, Blockchain зэрэг олон шийдэл нэвтрүүлэхэд ашиглагдаж, багийнхаа итгэлт гишүүн байхад туслаж иржээ.
22 настай залуу инженерийн хувьд хувь хүний болон мэргэжлийн олон төрлийн асуудалтай нүүр тулж, туршлага хуримтуулахын тулд багагүй хугацаа зарцуулж ирсэн эгэл жирийн Систем инженерийн түүхийг өөрчлөх мөрөөдлийнхөө төлөө сүүлийн 7 жилийн турш сургалтын хөтөлбөр, лабораторийн орчин, туршлагатай багш нарын баг бүрдүүлж бага багаар тасралтгүй ажилласаар иржээ.
Өнгөрсөн хугацаанд бид Линуксийн администратор, Клауд технологи, Сүлжээ болон Системийн автоматжуулалт, Сүлжээний технологи, Мэдээллийн аюулгүй байдлын олон улсын чанартай хөтөлбөрүүдэд 8 орны 200 гаран инженер, оюутан залуусыг сургасан байна. Монгол улсад тасралтгүй ажиллах шаардлагатай, нөөц дэд бүтэц хэрэгтэй, аюулгүй байдлын хувьд чухал ач холбогдолтой, саяас олон хэрэглэгчтэй цөөнгүй системүүд байдаг. Үндэстэн дамнасан байгууллага, амжилттай unicorn хэзээ ч бүгдийг ганцаараа хийдэггүй тэдэнд сайн туслагч, зөвлөгч, хүний нөөцөө тасралтгүй хөгжүүлэх хөтөлбөр, асуудал үүссэн үед гадаад болон дотоодын шилдэг мэргэжилтэнг ажиллуулах боломжууд хэрэгтэй байдаг. Бид Монгол компаниуддаа энэ л боломжийг бий болгохоор ЮУ ПИ АР Консалтинг ХХК компаниа байгуулан ажиллаж байна.