Таны сүлжээний найдвартай байдал, мэдээллийн аюулгүй байдал, программуудын хэвийн ажиллагаа, мэдээллийн хамгаалалт, хадгалалт, байгууллагын мэдээллийн системийн дэд бүтцийн хөгжүүлэлт, тасралтгүй байдал, сайжруулалт болон хөгжилд хэн гэгч нөхөр анхаарч, эмзэг байдалд нь санаа зовж, шийдвэрлэх гарцаар өөрийнхөө мөрөөдлийг бүтээн ажиллаж, амьдардаг юм болоо?
Техник, программ хангамж болон хүний хүчин зүйлсээс үүссэн осол гэмтэл, доголдол, халдлагад өртөх үед шуурхай арга хэмжээ авч(Re-Active) тэдний гар, нүд тасралтгүй ажиллаж байхад толгойд нь хийгдэх үйлдэл, авах арга хэмжээ, шийдлүүд ар араасаа эмх цэгцтэй, цэгцгүй ундарч байдаг. Заримдаа энэ үеүдийг бодохоор хүний бүтээмж, чадавхаа бүрэн ашиглаж байна уу гэлтэй. Өөрөөр тайлбарлавал 9 секундэд 100 метр зам гүйн чардайж байдаг үе юм уу.
Мэдлэгтэй чадвар, туршлага сайжирч тэд эрсдэл үүсэхээс өмнө өөрсдийн хүсэлтээр сүлжээний, системийн, тохиргооны өөрчлөлтийг оройн 22 цагаас хойш өглөөний 7 цагийн хооронд сайтар төлөвлөсний үндсэн дээр кофегоо уунгаа хийдэг. Энэ мэт төлөвлөгөөт ажил(Pro-Active) арга хэмжээ тэдний хувьд энгийн л зүйл. Өглөө бусад ажилчид ажиллаа эхлүүлээд 10 цаг хүртэл гомдол санал ирэхгүй, систем хэвийн ажиллаж байвал шөнөжин ажилласны хэрэг бүтэж байгаа тэр.
Тэдний нойргүй хоносон Re-Active, Proactive шөнүүдэд талархал илэрхийлье. Бүх системийн администраторууддаа олон улсын системийн администраторын баярын мэнд хүргэе.